
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
“Алтан ишиг“-ний ЖИНХЭНЭ эзэн

Энгэрийн яргуй цасан дор зүүдлэхэд
Эхний төл наран наашилж цангинана
Эзэн малчны магнай тэнийн баярлаад
Эх орны минь сүрэг нэмлээ гэж дуулна
Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ....хэмээдэг шиг малчны хотонд төлийн дуу цангинажээ. Ялангуяа сэргэлэн, өхөөрдөм, дэггүй бяцхан ишигнүүд малчны хашаанд дүүрэн...
Ишиг ихтэй байх нь ч аргагүй аж. Бидний зочилсон Д.Энхбаатарын гэргий Б.Оюунбилэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын улсын сайн малчин, “Алтан ишиг”-ний эзэн Д.Бат-Очир гуайн хоёр охины том нь юм.
Өчигдөрхөн л хавар цаг ирж байгааг мэдрүүлэх шиг алтан шар нар илчээ түгээж, амьтай бүхний нуруу тэнийж, Эрдэнэт хотын гэрэлт гудамжаар залуу хос хөтлөлцөн алхаж байсан. Гэтэл хаврын тэнгэр аашаа харуулж, хэн нэгэн түүнийг гомдоов уу гэлтэй уйтгартайгаар том том цасан ширхэг тэнгэрээс хаялна.
“Тэнгэр хангай эвгүйрэх нь дээ, бид нар ч яах вэ, хаваржилт хүндэрвэл малчид минь л хэцүүднэ” гэж элдвийг хөөрөлдсөөр Эрдэнэт хотоос 30 гаруй км зайд өвөлжиж буй Д.Энхбаатарынд гэргийнх нь ах Б.Алтангэрэл болон бэргэн эгч Ч.Цэрэндуламаар газарчлуулан сурвалжлах багаараа очлоо.
Монголчууд угаас зочломтгой ард түмэн. Тиймдээ ч малчин айл маань цай хоол болон биднийг угтаж, хоорондоо хоёр насны зөрүүтэй бяцхан жаалууд ихэр ишигтэй хөөцөлдөн тоглож, бүрсгэр тэнгэрээс уйтай хаялах цасыг харан уйтгарлах аядсан сэтгэлийг минь сэргээсэн юм. Гэрийн эзэгтэй Б.Оюунбилэг сүлэрсэн сүүтэй цай чанаж, харин гэрийн эзэн Д.Энхбаатар “Үүцээ задалж сайхан мах чана, буузаа жигнэ” хэмээн эхнэртээ хэлэхтэй зэрэгцэн зочилсон бид ч цай уун тухлав.
Зочилсон малчны маань хотонд төлийн дуу аль хэдийнээ цангинажээ. Малын хашаанд нэлээд хэдэн хурга, ишиг харагдах агаад төллөөд долоо хонож байгаа гэх ихэр ишиг малчны гэрт цовоо сэргэлэн наадна.
“Ээж ээ, ишгэн дээр халуун цай асгачлаа” хэмээн айлын хоёр жаал уурлах нь өхөөрдмөөр.
“Нэг нь бөгсөө зууханд хайрчихлаа. Энэ хоёр гараа хөхүүлээд байгаа юм. Манай мал энэ жил арай эрт төллөсөн. Ишигний эвэр нь ургаад, ногоо цухуйж эхлэхээр эхтэй нь хамт явуулдаг, тэрнээс өмнө тэжээдэг. Өвөл төллөсөн малыг сайн тордохгүй бол амархан сэнсэрдэг юм. Эхийг нь бэлчээрт гаргахаас гадна хивэг, өвс нэмэлтээр өгдөг. Энэ өвөл ч манайх оторт явсангүй, сайхан өнөтэй өвөл боллоо. Хаваржаандаа намлаж бууна даа. Намлаж буухгүй бол хээлтэй мал өндөр, уулархаг газар явж чадахгүй” хэмээн эзэгтэй хэлснээр бидний яриа эхэлсэн юм.
Тэрээр “Би 1995 онд 10-р ангиа төгсөөд л мал дээр гарсан. Дээрээ долоон ах, доороо нэг эмэгтэй дүүтэй, айлын том охин. Багаасаа хичээлийнхээ хажуугаар эцэг эхдээ мал маллахад нь тусалдаг байсан. Одоогоор улсаас авсан гавьяа шагнал байхгүй ч аав минь Баян-Өндөр сумын улсын сайн малчин, “Алтан ишиг”-ний эзэн Д.Бат-Очир, ээж минь Ю.Пагмажав гэж 90 дөхсөн хоёр буурал бий. Ханьтайгаа суугаад 10 гаруй жил болж байна. Миний хань Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хүн. Манай хүн намайг дагаад Орхон аймагт суурьшсан” гэлээ.
Биднийг газарчлан ирсэн, гэрийн эзэгтэйн ах Б.Алтангэрэл, “Манай аав улсын сайн малчин болоход миний дүүгийн үүрэг маш их. Бараг дүү маань л хамаг малыг нь нааш цааш болгодог. 300 ишгэнд ямар ч тэмдэг, тэмдэглэгээ тавилгүйгээр шууд хараад зүсэлж, ялгадаг малд нүдтэй хүн дээ” хэмээсэн тул 300 ишгийг хэрхэн, яаж таньдаг туршлагыг нь сонсмоор санагдлаа. Энэ талаар өөрөөс нь асуухад...
“Ер нь төл малдаа элдэв даавуу, тэмдэг тавьдаггүй, хараад шууд зүслээд таньчихдаг юм. Гарсан даруйд нь зүсэлчихдэг. Эхийг нь мэддэг болохоор тэр ямаанаас тийм ишиг гарсан гээд л мэдчихдэг юм. Аавынх ч тэр, манайх ч тэр голцуу ямаа ихтэй. Ямаа ажиллагаа ихтэй хэдий ч багаасаа маллаад сурчихсан болохоор түүртээд байдаггүй. Нэг их туршлага гээд байх юм байхгүй ээ. Эцэг эхийнхээ мал маллах арга ухааныг л өвлөж, хэрэгжүүлж явна” хэмээн хэлсэн юм.
МАЛ МАЛЛАХДАА ТООНООС ИЛҮҮ ЧАНАРТ АНХААРДАГ
“Мал маллахдаа тооноос илүү чанарт анхаардаг. Учир нь өнөөдөр бэлчээрийн даац ихдээд байна. Манай нутагт тариаланч ихтэй. Малчид, тариаланчдын хооронд зөрчилдөөн үүсэх үе бий. Тавдугаар сараас эхлээд л Сэлэнгэ тал руу тариалан эхлэнэ гээд биднийг зусландаа буухыг шаарддаг. Мөн тариа хурааж дуустал өвөлжөөнд буулгахгүй. Тариа хураалт дууссаны дараа ес юм уу 10 дугаар сараас өвөлжөөндөө буу гэдэг. Гэхдээ бид хоорондоо зохицоод, нэгэндээ дэм, тустай болоод л байна. Шуургатай үед малаа нөмөр газраар, дулаан бол ил газраар бэлчээх, бэлчээрээ ашиглаж өвлийн цагт энэ хэсэг газрыг малдаа идүүлнэ гэх мэтээр бэлчээрээ хүртэл хуваарилж, ашиглаж бэлчээдэг.
Харин зуны улиралд зуслан дээрээ ногоо тариалдаг, зуслангийн жижиг байшинтай. Манай зуслангийн ойролцоо хувийн амралтын газар их. Тиймээс зуны улиралд тэр хавийн хүмүүст сүү, цагаан идээгээ борлуулдаг. Ааруул, өрөм, бяслаг, ээзгий гээд бүгдийг нь авна. Тогоо нэрж Монгол архиа ч гаргадаг.
Төмс, нарийн ногоог өөрсдийн хэрэгцээндээ тариалж, илүү гарсныг нь намар бөөний үнээр борлуулна. Ойр зуурын сүүгээ төв рүү оруулж зардаг юм. Энэ өвөл ёстой сайхан өвөл боллоо. Хавар ч сайхан болох шинжтэй. Таван сарын сүүл, зургаан сарын эхээр, мал ногоондоо цадаад хөл нь хөнгөрөөд эхлэхээр л зусландаа гарна даа. Манай нутаг уул устай, ургамал, чулуутай, хадлан тариагаа ч авчихна бүх зүйл нь цогцолсон сайхан газар. Урсгал устай газар мал өсөх нь сайн байдаг юм. Гэхдээ их салхилахаар хиймэл нуурын цагаан шороо орж ирэх гээд байдаг хүндрэлтэй тал бий”.
Ийнхүү биднийг хуучлах зуур гэрийн эзэгтэй Б.Оюунбилэг үнээгээ саахаар гарч, бид хашаа хороотой нь танилцаж ярилцлагаа гадаа үргэлжлүүллээ.
Хажуухандаа модтой, уулын энгэр газар өвөлжиж буй Д.Энхбаатарынх өвлийн бэлтгэлээ сайн хангасан нь хашаа хороо, эргэн тойрныг нь ажиглахад илхэн. Тэднийх нүүхдээ хэрэглэдэг портер машин болон гэрийн эзэгтэй унадаг гэх жижиг тэрэгтэй. Гэрийн эзэгтэй жижиг тэргээрээ төв рүү орох, тал газар төллөсөн малаа зөөдөг гэнэ.
Малын хашаан дахь хурга, ишиг болон эхэд нь хашаан дээрээс өвс шидлэн өгөх хоёр жаалын нэг нь хоёрдугаар анги, нөгөөх нь дөрвөн настай цэцэрлэгт явдаг. Эгч нь адтай сэргэлэн, нэлээд хөдөлгөөнтэй төдийгүй малд ч нүдтэй бололтой. Харин дүү нь цамцтайгаа хөрзөн дээр гулсаж тоглох нь аргагүй л хөдөөний чийрэг хүүхэд гэлтэй.
Б.Оюунбилэг цааш ярихдаа “Хоёр хүүхэд минь ээжийгээ дуурайсан малд нүдтэй. Охин маань энэ хэдэн ишгээ алдахгүй тавьж өгдөг. Амралтаараа ирж нэлээд тус болсон. Эрдэнэтэд манай ахынд суудаг юм. Бид хоёр хоёулхнаа учраас хүн бүл муутай, хүч чадалдаа тааруулж малаа өсгөх нь зүйтэй гэж бодон малынхаа тоог нэлээд цөөлсөн. Нөхрийгөө ийш тийш, адуундаа явахаар малаа ойрхон бэлчээгээд л ганцаараа үлддэг. Манай энд хужиргүй тул бид Хөвсгөлөөс хужир тээвэрлэн авчирч малаа хужирладаг” гэлээ.
ХАВАР ЯМАА САМНАХАД Л МАЛ МАЛЛАСНЫ АШИГ НЬ ГАРЧ БАЙНА
Малчид жилийн дөрвөн улирал зогсолтгүй хөдөлмөрлөдөг. Гэхдээ төр засгаас малчдад ямар дэмжлэг туслалцаа үзүүлдэг талаар лавлахад “Төр засгаас малчдыг дэмжиж байгаа зүйл тун ховор. Малын түүхий эдийг боловсруулна гэж ярих л юм биелэх эсэхийг нь мэдэхгүй. Хонины арьс хээр хэвтэж байна. Ямааны арьс л бага зэрэг үнэтэй байна. Хавар ямаа самнахад л мал малласны ашиг гарч байх шиг байна даа. Энэ жил харин махны үнэ бага зэрэг өссөн нь малчдад дэм болсон. Малчдыг малын махаа үнэтэй өглөө гээд л байгаа. Ченж нарын гараар дамжихаар үнэтэй худалдаалагдаад байгаа байх.
Нэг үеэ бодвол улс маань сайхан хөгжиж байна өө. Малчид зуны цагт хөлдөөгчинд махаа хийгээд, хувцсаа угаалгын машинаар угааж, хотынхноос дутах зүйлгүй л амьдарч байна. Манай гэр бүлийн хүн бид хоёр нийгмийн даатгалын шимтгэлийг цалингийн доод хэмжээгээр жилээр нь төлчихдөг юм.
Одоо ч мал дээр гардаг хүн цөөрч, ялангуяа залуус бүр ч ховордсон. Биеийн амраа бодоод төвөө барааддаг болжээ. Төв рүү ороод сүүгээ зарахаар хямдхан зарахад яадаг юм, буянаа зарж байж гээд их дургүйцдэг. Бид бараг цэвэр уснаас хямд зарж байхад ойлгодоггүй. Хүний хөдөлмөрийг хэн үнэлэх вэ гэж гайхдаг шүү.
Өнөөдөр зарим хүн биеийн амрыг бодож, хоосон хонож байсан ч хамаагүй хот, хүрээ бараадах болжээ. Залуучууд л уг нь мал дээр баймаар байна. Мянгат малчид залуу малчдыг цалинжуулж, мал маллах арга ухаанд сургаж, залуус нь ч сурдаг бол сайн байна. Төр засаг ч залуу малчин бэлтгэхэд бас анхаармаар санагддаг. Манай нутагт хамгийн залуу малчин нь 25 настай, эцэг эхтэйгээ амьдардаг эрчүүд байна даа. Бүсгүйчүүд нь хот руу сургууль бараадсан. Хүйсийн тэгш байдал хөдөө орон нутагт үнэхээр алдагдаж байна.
Ер нь хүмүүс хоёр тусдаа амьдарч байна. Эхнэр нь сумын төв дээр хүүхдүүдтэйгээ, нөхөр нь малаа маллан хөдөө амьдардаг дүр зураг их ээ. Арчаатай нэг нь малаа маллаж, чадахгүй нь үр хүүхдээ бодон малаа зараад төв рүү ордог. Ингээд малчид цөөрч байна. Ганц хүн малаа маллах уу, хоол ундаа хийх үү гээд хэцүү. Ихэнх нь төв барааддаг. Хөдөөнөөс ирсэн малчдад мэдлэг, мэргэжил байх биш, ажилд авахгүй ш дээ. Цэвэрлэгч, гүрүүшиг гэх мэт янз бүрийн юм хийж, ядуусын тоог нэмж байна. Тэрний оронд хөдөө малаа маллаад, мах, хүнс, бүх зүйлээ үнэгүй хэрэглээд амьдрах боломж бололцоо дүүрэн байна” гэсээр гэрийн эзэгтэй тогоонд буцалж буй махаа гарган биднийг дайлсан юм.
Энэ хооронд гэрийн эзэн Д.Энхбаатартай цөөн хором ярилцлаа.
Тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хүн агаад аав ээж нь нэгдлийн малчин хүмүүс тул багаасаа л мал дээр өссөн нэгэн ажээ. Эхээсээ мөн есүүлээ бөгөөд ах дүү нар нь бүгд Хөвсгөлд амьдардаг.
“Нутаг руугаа жилд 1-2 удаа л явдаг. Малтай хүмүүс тэр бүр ойр ойрхон явж чадахгүй юм. Малчин хүн цаг уур, орчиндоо зохицуулж малаа малладаг. Манай энд бэлчээрийн даац муу, мал нь ихэдсэн. Зуны цагт зуслан руугаа айл нь шаваад ороод ирдэг. Гэхдээ яахав аль болохоор чадлынхаа хэрээр амьдарч байна. “Мал дагавал ам тосдоно” гэгчээр 40 гарсан бид малаа дагахгүй хаана, юу хийнэ гээд явах билээ. Бидний хувьд өөрсдийнхөө сонирхлоор малчин болсон. Тиймээс хүүхдүүдээ өөрсдийнх нь ухаан, хүсэл, зорилгынх нь дагуу явуулахыг боддог. Мал маллаад муудсан юм алга. Сайхан л байна. Үүнээс илүү яах ч билээ.
Анх олон ишигтэй айлд хүргэн болж ирээд толгой эргэж, төөрдөг байсан. Тэр үед манай хадам аавын малнаас 500 орчим ямаа ишиглэдэг байлаа. Хашаанд хийчихнэ, дунд нь ороод зогсчихно доо. Манай хүн хашаан дээгүүр сарвайгаад, аваад, аваад тавьчихдаг байсан. Хөвсгөлд хонь ихтэй, хүний гарын арчилгаа шаардаад байдаггүй. Хургалаад хургаа дагуулаад л явчихдаг. Харин ишиг маллагаа ихтэй. Тэр үеийн хавар яасан ч их цас орж, ямар ч их мал төллөж байсан юм. Сэтгэл, зүтгэл байхад болдог юм даа. Харин одоо бол яах аргагүй таньдаг ишгээ эхэд нь тавиад өгчихнө. Танихгүйг нь бараадуулаад л орхичихдог. Алтны дэргэдэх гууль шарлаж л явна” хэмээн ярилаа.
Эхнэрээ магтаач гэсэн сэтгүүлчийн хүсэлтэд “Манай хүн багаасаа ямаа малласан, малд нүдтэй. Эр хүний нэрээр явж байгаа ч гэрийн хамаг ачааг үүрч яваа хүн чинь эмэгтэй хүн шүү дээ. Эмэгтэй хүн бүх үүрэг, ачаагаа үүрч яваа гэж би хувьдаа боддог юм. Хадам аав ээж минь 90 дөхөж яваа сайхан буурлууд бий. Бас “Алтан ишиг”-ний эзэд. Манай хадмууд их сайхан найрсаг, эвсэг хүмүүс байдаг. Нэг нэгэндээ тусалж, эвэлж явдаг даа” хэмээн магтав.
Гэрийн эзэн бусад эрчүүдийн адил хурдан морь уяна. Гэхдээ сүүлийн хоёр гурван жил уралдаанч хүүхэдгүйн улмаас морь уях ажил нь саатаад байгаа гэнэ. Энэ жилээс хүүгээ морь унуулж сурган, дараа жилээс морь уях ажилдаа эрчимтэй орно гэх тэрээр “Болж өгвөл өөрийнхөө хотноос хурд гаргая гэж боддог. Манайд Дорнод угшилтай хурдан удмын адуу бий. Авсан гавьяа шагнал ч багагүй” гэлээ.
“Эр хүний жаргал эзгүй хээр” гэдэгтэй адил Монгол хүн бүр хөдөө нутагтаа хайртай, ялангуяа эрэгтэй хүн бүхэн морины дэлэн дээр салхи татуулан давхихыг хүсдэг нь лавтай. Сэтгүүлч миний хувьд ч цэвэр агаарт, нүд дүүрэн тал нутгийг ширтэн Монголын тал нутгийн сайхныг бишрэн зогсох сэтгэлд таатай байлаа.
“Малчдын хувьд өдөр бүр хийдэг ажлаа л хийнэ. Хөдөөний бидний ажил барагдахгүй. Өглөө сэрээд тэнгэр хангай, цаг агаараа шинжиж, малаа хаашаа бэлчээхээс өдрийн ажил эхэлнэ. “Зун намрын цагт аль болох салхи сөрж, сэрүүн тал руу нь явуулбал тарга, тэвээрэг авах нь сайн байдаг” гэж аав ээж минь хэлдэг байсан. Миний хувьд ээж аавынхаа зааж сургаснаар малаа бэлчээж, орой үдэш хотолдог. Энэ заншлаар малаа маллаад буруудсан юм алга. Хөгшчүүлийн сургааль алт шүү дээ. Ер нь бид цэвэр агаарт, 100 хувь органик хүнс хэрэглэж байгаа. Мал бол байнга ашиг шимээ өгч байдаг буянтай амьтан даа” гэсээр бидний яриа малын вакцины талаар үргэлжлэв.
“Иргэдийн зүгээс тарилга малын маханд шууд нөлөөлдөг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл тийм биш. Голдуу хавар, намрын цагт элдэв өвчнөөс хамгаалж вакцинжуулдаг. Намрын цагт өвлийн идэш, хоолноос 1-2 сарын өмнө эрүүлжүүлэх зорилгоор тариа, туулга хийдэг. Түүнээс дуртай үедээ, өдөр бүр вакцин хийнэ гэж байхгүй. Өнөө цагт малын элдэв төрлийн өвчин ихэсчээ. Тиймээс малаа эрүүл байлгахын тулд тариа, туулга хийх нь зөв. Намар наймдугаар сард хийсэн тариа өвлийн идэшний цаг буюу 11, 12 дугаар сар гэхэд малын биед бүрэн үйлчлээд, тарианаас үүдэх сөрөг зүйл гэж үлдэхгүй. Тэр малын махыг хоол хүнсэнд хэрэглэхэд ямар ч асуудалгүй. Тэгвэл зуны цагт малаа эрүүл байлгахын тулд хавар тавдугаар сард тариа, туулга хийдэг. Энэ үед сүү саалийн үе болоогүй, мал туранхай байдаг тул мал гаргаж иднэ гэж байхгүй. Хавар малдаа тариа, туулга хийвэл малын тарга тэвээргэнд ч сайн” хэмээн ярьснаар бидний яриа өндөрлөв.
Ийнхүү малчны хотонд саатсан нэг өдрийн төгсгөлд малчдын аж ахуй, ядарч туйлдалгүй зүтгэдэг сэтгэлийн тэнхээ, хэнд ч гомдлолгүй эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа болсон мал аж ахуйгаа авч үлдэж буй дэлхийд ганцхан үлдсэн нүүдэлчин соёлын илэрхийлэл малчин түмнээрээ бахархах сэтгэл тээн буцсан юм.
Малчин айлын дэггүй жаалхан хүү Э.Хангай сурсан мэдсэнээ бас шалгуулаад амжсан шүү. Түүний уншсан шүлгийг энд сийрүүлэв.
Толины өмнө эргэлддэг тожгор зараа байжээ
Өргөс өргөс муухай гээд өөрийнхөө өргөсийг голжээ
Бүхэл өдөржин гоёод бүх өргөсөө зулгаажээ
Гангалж гангалж яваад гадуур баахан зугаалжээ
Яасан том хулгана вэ гээд таарсан амьтад гайхжээ...
Өглөө босоод харсан чинь өрөөсөн оймс нь алга аа
Өрөөн дотроо үзлээ, өргөн хөнжлөө ч сэгсэрлээ
Орон доогуур шагайлаа, гутал дотроо ч үзлээ
Оймсоо олдоггүй жаал гэж хүүхдүүд намайг шоолно доо
Тавиур дээрх тоглоомоо та нар түүнийг харав уу гэтэл
Бамбарууш харин оймсыг минь баруун хөлдөө углачихсан сууна...
Сэтгүүлч Л.Булганчимэг